Tuesday, July 1, 2008

САМУУНЫ ШАЛТГААН, БУРУУТАН

Урьд шөнө манай түүхэнд байгаагүй үймээн самуун гарлаа. Яг одоо бид онцгой байдлын дэглэм дотор амьсгалж, нийгэм бүхэлдээ айдаст автаад байна.

Аливаа зүйл шалтгаантай байдаг. Үүнийг Бурханы шашинд үйлийн үр, харин Марксист философид бол шалтгаан үр дагаварын категори гэдэг. Урьд шөнө болсон үймээнийг харвал дор хаяж хэдэн шалтгаантай байна. Гээндээ ч, гоондоо ч гэдэг шиг энэ явдалд улс төрийн бүх хүчнүүд буруутай харагдана.

Суурь шалтгаан

Суурь шалтгаан бол сонгуулийн систем юм. Арван хүний гурав нь Ху намд, хоёр нь А намд, хоёр нь ИЗН-д, хоёр нь Их намд, нэг нь бие даан нэр дэвшигчид өгөхөд Ху намын л хүн гарч, нөгөө зургаан хүний санал УИХ-д төлөөлөлгүй үлддэг юм. Яг ийм байдлаар нийт сонгогчийн дөнгөж 30 гаруйхан хувийн саналаар Ху нам УИХ-ын нийт суудлын 45 орчмыг авчихаад, үлдсэн 70 орчим хувийн саналын тоо дөнгөж 30 орчим суудалтай үлдэж байна. Энэ байдал томсгосон мажиритарь тогтолцоонд бүр ч аймаар үр дүн гаргана. Сонгуулийн мажоритарь тогтолцоо шударга бусаараа гайхагдсан муу тогтолцоо бөгөөд тэр дундаа томсгосон тойрогийн тогтолцоог зөвхөн дарангуй дэглэмтэй улсууд л хэрэглэдэг.

Энэ сонгууль ийм шударга бус тогтолцоогоор явагдсны бурууг Элбэгдорж ганцаараа хүлээх ёстой. Хэдийгээр энэ хуулийг 2005 онд Ху нам түрж баталсан ч С. Баяр үүнийг өөрчилөх саналыг 2007 оны 12 сард тавьсан. Гэтэл үүнийг Элбэгдорж хүлээж аваагүйг хүн бүр санаж байгаа байх. Иймээс сонгуулийн шударга бус системийг авч үлдсэн, Ху намыг ялуулж, А намыг ялагдуулсан бурууг Элбэгдорж дангаараа үүрэх ёстой.

Нөхцөл бүрэлдсэн

Сонгуулийн тогтолцоо хэдий муу ч гэсэн шударга явуулж болох байсан. Гэхдээ Ху нам дассанаараа сонгуулийн луйвар хийсэн нь үймээн гарах үндсэн нөхцлийг бий болгосон билээ.

Ху нам сонгуулийн санал хулгайлж сурсан нам. Үнэндээ энэ удаад ч хулгайлж байгаа биш, өмнө нь дандаа л хулгайлдаг байсан. Гэхдээ энэ удаад нэг мандаттай тойрогт хэрэглэдэг байсан хулгайн арга нь олон мандаттай томсгосон тойрогт цэвэрхэн хэрэгжиж чадалгүй олон удаа баригдлаа. Дээрээс нь 10 хүнээс Ху намын эсрэг санал өгсөн 7 хүн сонгуулийн системийн онцлогоос болоод санал нь салхинд хийссэнийг ухааралгүй, хамгийн түрүүнд Ху намыг булхайлсан хэмээн занаж байна.

Ху намын сонгуулийн булхайг С. Баяр хариуцах ёстой. Магадгүй Баяр санаатай тушаал заавар өгөөгүй байж болно л доо, гэхдээ доод хүмүүсээ хулгай хийлгэхгүй байж чадаагүйдээ дээд хүн өөрөө хариуцлагыг нь үүрэг ёстой.

Шууд шалтгаан

Сонгуулийн үр дүн олон хүний бодож байснаас шал өөр гарч, олон хүний бухимдлыг хүргэсэн. Гэхдээ улс төрчид ялагдаж сурах хэрэгтэй. Сайн жанжин ялалтаа урьдчилж хардаг шиг, ялагдлаа ч бас урьдчилж хардаг байх ёстой гэдэг.

Доктор Батзандан, Буянгийн Жагаа, Магнай нар энэ жагсаалыг эхлүүлчихээд гаргуунд нь гаргаад, хаяж явсан буруутай. Тэд л хүмүүсийг турхирсан, тэд л хүмүүсийг цуглуулсан, тэгсэн мөртөө Ху намын байр руу улангасан дайрч байхад нь нуугдаад үлдсэн. Нэгэнт л жагсаал зохион байгуулсан юм бол хурсан олноо цуглахаас нь эхлээд тартал нь хянаж, зохион байгуулах ёстой. Гэтэл энэ хүмүүс эхний чулууг уриалж шидчихээд алга болчихсон нь бужигнасан олныг зохион байгуулалтгүй, удирдлагагүй болгож, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн юм.

Чадваргүй цагдаа

Нэг эмэгтэй цагдаа гүйж ирээд, "яана аа, туслаарай, намайг дээрэмчид хөөж явна" гэжээ. Сандарсан цагдаа "яана аа тэгвэл, та тийшээ, би тийшээ зугатаая" гэжээ. Энэ онигоо. Хэдийгээр олон цагдаа үүргээ биелүүлж яваад шархадсан ч гэсэн манай цагдаагийнхны дадлага, туршлагын талаар хэдэн зүйл тэмдэглэхээс өөр аргагүй санагдана.

Нэгд, манай цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдхүүн жагсаал, цуглааныг хамгаалах, үймээн самууныг тараах дадлага, туршлага, зэвсэг, хангалтгүй байгааг үзүүлэв. 200 орчим даврагсдийг 1300 цэрэг цагдаа дайчилж байж арай гэж тараав. Хоёрт, цагдаагийн албан хаагчдийн нэг бүрийн болон жагсаалын бэлтгэл туйлийн хангалтгүй байгааг харуулав. Жагсаалаараа дайрч орчихоод ухрахдаа тэргүүн эгнээгээ хаяад зугатчих юм. Ямар ч жагсаалын бэлтгэлгүй. Үлдсэн хүмүүс нь согтуу хүмүүст зодуулаад хэвтэж байх юм. Зодуулахгүй байя гэхэд ядаж биеэ хамгаалаад гарчих бэлтгэл байхгүй харагдана.

200 дайсны өөдөөс 1300 цэрэгтэй орохдоо 400 цэргийн буюу нийт хүчнийхээ бараг л 3-ны 1-ээ алдаж байгаа жанжинг
Зэвсэгт хүчинд бол яавч сайн жанжин гэхгүй юм даг. Харин манай цагдаагийн Генералууд үүнийгээ юу гэж үзэх нь сонин л юм.

Яах вэ?

Улс төрчид ч яах вэ, хэрэлдэж л байг. Үндсэн ажил нь тэр. Гэхдээ Элбэгдорж шиг учраа мэдэхгүй, хариуцлагагүй байж болохгүй, хүн үхээд байна яах вэ гэхэд нь нөгөө л улиг болсон сонгуулийн булхай хийсэн хэрүүлээ яриад, хуншгүй загнаж болохгүй. Баяр шиг улаан цайм луйврын дэргэдүүр хар цагаан сохор өнгөрч болохгүй, Батзандан, Жагаа, Магнай нар шиг увайгүй, хүн түлхичихээд ард нь нуугддаг байж болохгүй.

Бид ийм мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд цаашдаа, юун түрүүнд, сонгуулийн системийг даруй өөрчилж суурь шалтгааныг үгүй хийх хэрэгтэй. Илүү тэнцвэртэй, санал болгон УИХ-д төлөөлөлтэй байдаг пропорциональ тогтолцоо руу орох нь зүйтэй. Хоёрт, сонгуулийн булхайг аль болох багасгахын тулд илүү нээлттэй, хяналтын системийг бий болгох, сонгуулийн маргааныг цаг алдалгүй шийддэг механизмыг бий болгох хэрэгтэй байна. Гуравт, жагсаал, цуглааныг хамгаалах, үймсэн олныг хүчээр тараах чиглэлд цагдаагийн хүчийг даруй сургах, зэвсэглэх, зэвсэгээ хэрэглэх дадлагатай болгох хэрэгтэй байна.

1 comments:

celest said...

sainuu,
oorii chin email haygiig awah gesn ymaa.