Миний дотнын анд Амбугайтан Батзандан иргэний хөдөлгөөн байгуулахад туслаж, хүч хамсан хамт ажиллаач гэсэн саналыг надад анх гадаадаас ирмэгцээ л тавьж байж билээ. Би олон юман дээр санаа нийлж байсан ч бас цөөнгүй зүйл дээр зөрж байсан сан. Дээрээс нь би өөрөө эрс хүн биш учир зориглоогүй билээ. Гэвч Батзандангийн хийсэн анхны жагсаалыг би огт мартдаггүй бөгөөд тэр үед дэмжсэн санаатай нэгэн өгүүллийг бичсэн минь "барьцаалагдсан хэвлэл"-ийн хуниасан дунд алга болсон билээ. Эдүгээ нэгэнт хоёр жил өнгөрсний хойно блог гэгч хачин сайхан зүйл гарсныг сэрсэн мэт гэнэт ухаарсны хүчинд сөхөн хэсүүчлэх нэгээхний анхааралд
өртөөсэй хэмээн энд тавьлаа.Сарлагтай О.Машбат
2004 оны арван нэгдүгээр сард, УИХ-ын нэгэн хуралдааны үеэр УИХ, Засгийн газрын бүх ажил 30 минут бүрэн зогссон юм. УИХ-ын эрхэм гишүүн Гүндалай хурц хурц үг хэлж, тэрийг нь Төрийн ордоны дотоод сүлжээгээр шууд нэвтрүүлж байсан нь саарал ордонд байсан хүн бүхэний анхаарлыг соронзон мэт татаж байлаа.
Гүндалай гишүүн хэлэхдээ, “Би бизнес эрхлээд, дороо зуун хүн удирдаад, хатуу ширүүн өрсөлдөөн дунд тамаа цайж байж хэдэн төгрөг олсон. Түүнийгээ би идэж ууж, улс төр хийж байна. ГЭТЭЛ ЧИ, Энхбаяраа, дороо ядаж арван хүн ажиллууллаад, бизнес хийж үзээгүй байж яаж ийм их баян болсон юм бэ? Чи нэг ч удаа бизнес хийж үзээгүй, дандаа л дарга, сайд хийж байсан. Тэгсэн мөртөө чи бол надаас баян хүн. Чи яаж энэ мөнгөө хийсэн юм бэ? ХАХУУЛЬ ШҮҮ ДЭЭ. Авилгал авч л ийм болоо биз дээ? Үгүй бол чи яаж ийм их мөнгөтэй болсон юм бэ?” гээд л ширүүхэн буулгаж байлаа.
ГЭТЭЛ… оройн мэдээ, маргаашийн өдөр тутмын сонины аль нь ч энэ тухай огт мэдээлээгүй юм. Манай ардчилсан хэвлэл мэдээлэл хаачив? Энэ чинь 2002 он биш, 2004 оны сүүл, 11 дүгээр сар шүү дээ.
“Үндэсний их удирдагчийн” эсрэг хэлсэн үгийг хэвлэж чадахгүй байгаа хэвлэлийг “чөлөөт” гэх үү? Амбугайтан Батзандангийн улиг болтол ярьдаг “барьцаалагдсан” гэдэг үг энд яалт ч үгүй таараад байгаа юм. Хэвлэл “чөлөөт” биш, харин “барьцаалагдчихаад” байна.
Монголын ард түмэн 2004 оны УИХ-ын сонгуулиар “увайгүй удирдагч”-ийн эсрэг сонголт хийсэн. Энхбаяр үнэндээ л увайгүй байсан учраас ард түмний сонголтыг луйвардаж байж, тэсч үлдсэн. “Могойг гурав таславч хорхойноос урт” гэгчээр ардчилсан хүчний олон олон суудлыг луйвардсан боловч УИХ-ын суудлын тэн хагас нь ардчилсан хүчинд хэвээрээ үлдсэн юм. Одоо л нэг Энхбаярын аймшигт жилүүд өнгөрч, нуруу тэнийн амьсгаа авах нь уу гэтэл…
2005 оны 2 дугаар сарын 3-ны орой UBS телевизийн мэдээ гарч байна. Хар цагаан чимээгүй байдагаа бодвол бас ашгүй, Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөнйи тухай мэдээлж байна аа. Нэг нэвтрүүлгээр гарсан тусдаа хоёр мэдээг харьцуулбал UBS-ын удирдлага ямар хоёр нүүртэйг харж болно.
Тэр мэдээгээр Улсын мөрдөн байцаах газрын нэг түшмэл, ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын дарга Н.Энхбаярт холбогдох авилгын хэргийн талаарх мэдээллийг аваад, эрүүгийн хэрэг үүсгэх эсэх тухай шалгаж байгаа тухайгаа хэлж байна. Ингэхдээ “Монгол Улсын Үндсэн хуулийн ... дугаар зүйлд шүүхээр гэм буруу нь тогтоогдтол хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн буруутай хэмээн үзэж болохгүй гэдэг заалтыг хүндэтгэхийг та бүхнээс хүсье” гэж жагсагчидад хандан орилж байна.
Яг дараа нь, “таксины жолоочийг буудсан зэвсэгт дээрэмчнийг барьлаа, манай цагдаа ийм мундаг, муу “алуурчин, дээрэмчин, гэмт хэрэгтнийг” сайхан барьлаа” гээд л “шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байгаа нэг залууг харааж өгч байна аа. Цагдаа нь өөрөө. Бас UBS ТВ.
ШУДАРГА ЁС МААНЬ ХААЧИВ?
Энхбаяр “шүүхээр тогтоогдтол гэм буруугүй”юм бол, тэр залуу ч бас “шүүхээр тогтоогдтол гэм буруугүй” байлтай. Эндээс манай цагдаагийнхны, бас UBS ТВ-ын дээдэст долигонож, доодост ихэрхдэг алаг занг харж болно.
Энэ бол зөвхөн UBS ТВ ч биш, Ху нам, ялангуяа, Энхбаярын барьцаанд орсон ТВ5, ТВ9, Үндэсний ТВ бүгд л бас ийм мэдээ цацсан хэрэг юм шүү дээ.
Сонин мэдээ их ээ.
Өчигдөр ярьж байсан мэдээ нь өнөөдөр худлаа ч байж магадгүй. Ялалтын талбайд гардаг байсан цагаан идээний зах Скай худалдааны төвд гарч байна гэж хоёр долоо хоног рекламдаж рекламдчихаад, жагсаал цуглаан хийх гэхээр хуучин газраа гарч байгаа болчихдог сонин мэдээ байна. Энэ тайлбараар бол зурагтаар гарч байгаа хүмүүс нь Эрүүл нийгмийн уриаг дэмжиж яваа биш, зүгээр л ааруул авах гэж зах дээр явж байсан хүмүүс гэнэ. Скай худалдааны төв рекламыг нь гажуудуулж буруу мэдээ өгсөн тэр телевизээс мөнгөө эргүүлж нэхэлтэй.
Чингэлтэй дүүргийн нэг тарган түшмэл “цагаан сарыг угтах их ажил өрнөж байгаа үед жагсаал, цуглаан хийх нь зохимжгүй” гэж айлдав. Зохимжтой эсэхийг шийддэг нь түшмэл гуай биш. ТӨР БОЛ БУРХАН БИШ, ТҮШМЭЛ БОЛ БУРХАНЫ ЭЛЧ БИШ. ЭРХЭЭ ХААНА ХЭЗЭЭ ЭДЛЭХЭЭ ТӨР, ТҮШМЭЛ ХОЁРООР ЗААЛГАХГҮЙ ШҮҮ.
Төр бол түмний боол, ардын боол. Төр, төрийн түшмэл жирийн ардыг эрхээ эдлэхэд нь туслах учиртай. Тийм төрийг ардчилсан төр, ардын төр гэдэг. Хэзээ, хаана жагсаал цуглаан хийхээ ард нь, иргэн нь мэднэ. Харин гудамж талбайг нь чөлөөлж, хажуугаас нь хамгаалж дагалдах нь түшмэлийн үүрэг.
Гэтэл нэг авилгалдаа пологдсон бүдүүн түшмэл, Ху намын хүнд суртал үнэртүүлж, янцаглаад л надад юу сайн, юу муу, юу зохистой, юу зохисгүйг зааж байх. Тэрийг нь телевизээр нэвтрүүлж байх. Ярих юм аа олсон түшмэл гуай, нэвтрүүлэх юм аа олсон телевиз гуай юм даа, чааваас.
Барьцаалагдсан хэвлэл мэдээллийн тод жишээг бид өдөр болгон үзэж, сонсож явна.
Гэвч баясах зүйл бас бий.
Бидний дунд зоримог, эрэмгий залуус бий. Тэд нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө тэмцэж байна.
Өмнө нь Иргэний нийгэм гэхээр л мөнгөгүй шалдан Төрийн бус байгууллагуудыг ойлгодог байв. Гуйлгачинд өглөг өгдөг, тусламжын бараа түгээдэг, өлөн хүүхдийг хооллодог, өнчин хүүхдийг хонуулдаг газар гэж л ойлгодог байлаа.
Өнөөдөр харин өөрөөр ойлгодог боллоо. Иргэд өөрсдөө нийлээд үгээ хэлдэг, хашгардаг, тэмцдэг явдлыг Иргэний нийгэм гэдэг. Увайгүй улс төрч, дарангуйлагч, эрх мэдлийн донтонгуудын эсрэг жирийн иргэн гудамжид хашгирахыг иргэний нийгэм гэдэг. “Төрийн төлөө огтоно боож үхэх”-ийг иргэний нийгэм гэдэг. Хүн бүхэн үүнийг ойлгодог болжээ.
Ойлгоод зогсохгүй, ажиллаж эхэллээ. Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн, Сонгогчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн, өөр юу юу гэнэ вэ, үй олон хөдөлгөөн, ТББ-ууд төрийг хянах үүргээ жаахан бүдүүлэг боловч гүйцэтгэж эхэллээ. Тэд авилга, хээл хахуулийн сүлжээг илчлэн гаргаж, шударга шүүхийн өмнө дуудаж байна. Манай шүүх, цагдаа, хууль хамгаалах байгууллага өөрөө авилга хээл хахуулийн идэгдэн мөхөж байгаа ч эцсийн эцэст шударга байна гэдэгт найднам.
Иргэд, ардууд төрийн засаглалыг хянахыг эрмэлзэж байна. Энэ нь ч зөв. Иргэн нь, ард нь төрөө хянадаг нийгмийг л “иргэний ардчилсан нийгэм” гэдэг. Үндсэн хуулийн оршил хэсэгт бид ийм л нийгэм байгуулна гэж заасан. Байгуулж ч байна.
“Хүмүнлэг иргэний ардчилсан нийгэм”-ийг төрийн түшмэл гуай, үндэсний их удирдагч, ухаантай төрийн түшээд байгуулахгүй. Харин ТҮЦ-ны худалдагч, ганзгазын наймаачин, жижиг компанийн захирал, ер нь өөрийгөө тэжээж байгаа хүн нэг бүр байгуулна. Улсаа худалддаг удирдагч, хуушуурын мөнгө нэхдэг цагдаа, худлаа татвар тавьдаг түшмэлийн эсрэг хийх тэдний өдөр тутмын тэмцлээс шууд шалтгаална.
0 comments:
Post a Comment