Ердийн ардчилал нэртэй өгүүллийг би 2003 онд бичээд түүнийгээ хэвлүүлэх гэж хөөцөлдөөд нэг ч хэвлэлийн газар аваагүй юм. Учир нь Үндэсний их удирдагчийг шүүмжилсэн сэдэвтэй байсан юм л даа. Сүүлийн үеийн үйл явцыг ажиглан, үймээн самууны цаад сэжимийг хайх тусам Үндэсний их удирдагч маань парламентын засаглалыг эргүүлж, ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод, өөрөө эзэн суух бодол байна уу хэмээх урьдын сэжиг таамаг минь улам ч хүчтэй болох тул өмнө бичсэн санаагаа нэмэн тодотгож, та бүхэндээ толилуулсугай гэсэн билээ.
Машбат О.Сарлагтай
Хэрвээ та өглөө босоход Энхбаяр, түүний засгийн газрыг магтан дуулж, өдөр таны ажил дээр Энхбаяр, түүний засгийн газрыг магтан дуулж, үдэш амрахад чинь Энхбаяр, түүний засгийн газрыг магтан дуулж, орой унтахад чинь Энхбаяр, түүний засгийн газрыг магтан дуулж байх юм бол энэ чинь ДАРАНГУЙЛАЛ. Энэ бол тогтвортой байдал БИШ.
Харин та өглөө босоход чинь Элбэг, түүний засгийн газрыг шүүмжлэн хэрэлдэж, өдөр таны ажил дээр Элбэг, түүний засгийн газрыг огцорсон тухай маргалдаж, үдэш таныг амрахад чинь Энхболдын засгийн газрыг байгуулж, орой таныг унтахад чинь Энхболд, түүний засгийн газрыг шүүмжилж байх юм бол энэ чинь АРДЧИЛАЛ. Энэ бол тогтвортой байдал МӨН.
Ардчилал гэдэг бол толгой эргэм хэрүүл шуугиан. Гэхдээ л энэ бол дарангуйлагчид өдөржингөө загнуулж сууснаас дээр. Гэхдээ л энэ бол даврагсадтай дэлбэ зодолдсноос хамаагүй дээр. Энэ бол загнуулах, зодолдох хоёрын дундахь зам.
Загнуулахад дарга ганцаараа бодож шийддэг, тэр нь надад таалагдахгүй, хамаагүй, тэрийг нь хийх ч үгүй, хэрэгжүүлэх ч үгүй. Гэхдээ дарга намайг үгийг нь дагахгүй бол зодно, дахиад л загнана шүү дээ[1]. Зодолдоход тэртэй тэргүй ямар ч шийдвэр гарахгүй. Чухам иймээс л дарангуй төр, иргэний дайн хоёр бол мөн чанартаа адилхан хүчээр түрий барьдаг юм.
Харин хэрүүл бол өөр. Хэн ч хүч хэрэглэхгүй. Хэрэлдэж, хэрэлдэж сүүлд нь хоёулаа нэг юм дундын шийдвэрт хүрнэ. Яах вэ нэг нь нөгөөгөө хуурна, худалдаж авна, заваан юм их бий. Гэхдээ л эцсийн дүндээ хүч хэрэглэхгүйгээр нэг юм хамтын тохиролцоонд хүрнэ. Үүнийг улс төрийн ухаанд “хэлэлцүүлэг” гэж цэвэрхэн нэрлэдэг.
“Олон нийтийн хэлэлцүүлэг” гэдэг бол үнэндээ мэдээллийн хэрэгслээр хэрэлдэхийг, “парламентын хэлэлцүүлэг” гэдэг бол гишүүд хоорондоо УИХ-ын танхимд хэрэлдэхийг ойлгоод байгаа юм. Үүний үр дүнд хүмүүс, гишүүд дундын ямар нэг шийдвэрт хүрэх ёстой. Мэдээж, шийдвэр болгон хүн бүхэнд таалагдахгүй. Тэр хүмүүс ч гэсэн дургүй байгаагаа хэлэх эрхтэй.
Хуурах, худалдан авах, хулгайлах гэх мэт заль мэх аль эртнээс л ямар ч орны улс төрд асуудал болоод байсан. Ардчилал нэгэнт хүч түрж загнах, зодолдохыг хориглосон хойно, улс төрд хүчтэй нь биш, зальтай нь бусдыгаа дийлдэг болж хувирдаг. Үүнийг улс төрийн ухаанд “улс төрийн манипуляц” буюу “овлох” гэж нэрийдээд байгаа юм.
Ардчилсан дэглэмийн үед зальжин, овжин, зальхай, булхай нөхдүүд хүмүүсийг хуурч эрх мэдэл рүү шунах нь их. Улс төрчид бол хамгийн худалч хүмүүс байдаг гэж барууны хошин шогт дүрсэлдэг нь ийм учиртай. “Ардчилал бол хамгийн муу засаглал, гэхдээ түүхэнд байсан бусад хэлбэрээс хамгийн дөнгүүр нь” гэж Уинстон Черчиль мөн ч онож хэлжээ.
Гэхдээ тэр худалч хуурмаг хүмүүсийг дөрвөн жилийн дараа эргүүлэн татах эрх та бидэнд бий. Соёлтой орны ардчилсан улсууд худалч гэж харагдсан болгоныг хуу татаж засгийн эрхээс буулгадаг.
Итали улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи 40 жилд 50 орчим засгийн газар сольжээ. Удаахь амжилтыг жил болгон засгийн газраа сольдог Япон үзүүлсэн. Түүний дараа Герман орно. Гэхдээ Итали, Япон, Герман байдгаараа байж л байна. Тогтворгүй болоод сүйрчихсэн юм ердөө алга. Харин ч баян сайхан л амьдарцгааж байна. Ардчиллын жишээ болон гялалзаж явна.
Засгийн газар хэдэн ч удаа унасан улс үндэстэн нь оршин тогтнож, хөгждөг жамаараа хөгжсөөр л байвал түүнийг тогтвортой байдал гэнэ. Зүгээр ээ, Элбэгийн засгийн газар унаг. Тэрний дараа Энхболдын засгийн газар ч унаг. Түүний дараагийнх нь ч унаг. Гэхдээ л Монгол Улс Монгол Улс хэвээрээ байх болно. Энийг л тогтвортой байдал гээд байгаа юм шүү дээ.
Харин Ху намын зааснаар бол тогтвортой байдал гэгч нь Үндэсний их удирдагч төр бариад шүүмжлүүлэхгүйгээр 70 жил болохыг ойлгоно гэнэ. Энхбаярын засгийн газрын үе шиг нэг намын засаг бариад, бид хэд амаа таглуулаад, амьсгалаа боогдуулаад, гөлийхөөс өөр ид шидгүй, дүмбийгээд сууж байх юм гэнэ. Цагдаа, шорон, гяндан, эрүү шүүлтийг чангалснаар гэмт хэрэг арилаад л, тэр дундаа "төрийг шүүмжлэх гэмт хэрэг" алга болоод л, тогтвортой болчихдог гэж Нямдорж ярьж байгаа бол тэнэг хэрэг. Энэ бол худлаа.
Гитлерын үед герман одоогийнхоосоо илүү тогтвортой байсан гэж үү? Муссолины үед итали одоогийнхоосоо илүү байсан уу? Оросууд коммунизмын үед тогтвортой байсан уу? Үгүй. Тогтвортой харагдаж байсан болохоос тийм байж чадаагүй. Гитлер, Муссолини, Оросын коммунистууд унахдаа эх орноо дайны гал, үнс нурман дунд хутгасан. Энхбаяр засгийн эрхээс чаргууцалдсаар байгаад 2004 оны талыг барсан. Одоо ч чаргууцалдаж хор хутгасан хэвээр л байна. Тэгээд одоо болтол улс орныг үймүүлсэн хэвээрээ байна. Үндэсний их удирдагч биш, Үндэсний их үймүүлэгч гэлтэй.
“Парламентын засаглал тогтворгүй, байнга засгийн газраа сольж байдаг. Одоо энэ хэрүүл шуугианыг эцэслэж, хатуу гарын хяналт тогтооё. Ерөнхийлөгчийн засаглал руу шилжие” гэж тун удахгүй хэн нэг нь хашгирах байх. Хэний хүн хашгирахыг сонсоорой. “Дарангуйлагчийн хүн” байх болно гэдгийг мөрийцсөн ч бэлэн байна.
Тэр хүн магадгүй АНУ-г жишээ татан, ОХУ-аар үлгэрлэн ярих байх. Ерөнхийлөгчийн засаглал хамгийн тогтвортой оршин байгаа цорын ганц улс бол АНУ. Гэхдээ АНУ-д ерөнхийлөгчийн засаглал төлөвшихийн тулд иргэний дайн, боолчлол, арьсны үзэл, улс төрийн аллага зэрэг 200 жилийн элэг эмтрэм түүхийг давсан юм. Ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод, Энхбаяр даргыгаа эрдэнийн ширээнд нь залаад, дараа нь төрийн эргэлт хийж, буудаж унагах юм уу, хаашаа юм бэ? Ум мани бадми хум. Одоо ерөнхийлөгчийн засаглалыг авах гэсэн бүх үндэстэн бас л иргэний дайн, улс төрийн аллага зэрэг тэр түүхийг давтаж байх бөгөөд заримдаа бүр дарангуйлал руу эргэлт буцалтгүй шилжиж байна.
Ерөнхийлөгчийн засаглал гэдэг хаант засаг шиг нэг хүний л засаглал бөгөөд маш их удаан, зовлонтой төлөвшдөг. Эрх барьсан хүнээ эргүүлж хяналтад авах гэж, ард түмэн, парламент нь тарчилдаг. Бүр болохгүй болохоор нь төрийн эргэлт хийж байж сольдог. Өмнөд Америк, Африк, Төв Ази, Оросын жишээг үз, хар. 20 дугаар зуун бол Америк, Африк тивд төрийн эргэлтийн зуун байлаа. Ерөнхийлөгч нь парламент руугаа танкаар дайрдаг улс Оросоос өөр дэлхийд байхгүй.
Ерөнхийлөгчийн засаглалын үед ерөнхийлөгчөө хянаж чадахгүй бол шууд дарангуйлал руу шилжинэ. Нэгэнт эрх мэдлээ өгчихсөн хойно түүнийгээ эргүүлж хянах гэдэг бараг л байдаггүй даваа гэдгийг хаяа хатган оршиж байгаа Хасаг, Хиргис, Согд, Сартуул, Өсбэх, Орос гүрний жишээ хэлээд байна бус уу? Бид араас нь орох гэж үү?
Цөхөрсөн зарим Оросын судлаачид “манай ард түмэн зөв сонголт хийж чадахгүй байна. Ардчилалд орох хөгжлийн түвшин болоогүй, ард түмэн бэлэн биш байна” гэдэг. 2004 оны сонгуулийн дараа Үндэсний удирдагч Энхбаяр дарга ард түмнийг буруу сонголт хийлээ гэж радио телевизээр толгой түрүүгүй загнаж байсан сан.
Ард түмэн бэлэн байгаа эсэхийг хэн мэддэг юм бэ? Бурхан ч мэдэхгүй, чөтгөр ч мэдэхгүй, оросын цөхөрсөн судлаачид ч мэдэхгүй, Энхбаяр дарга бол бүр ч мэдэхгүй. Ер нь тэр овилгогүй Энхбаяр яахаараа намайг, биднийг загнаж байх ёстой юм бэ?
Монголын ард түмнийг аль дивангарын Афин хотын Гэрэгүүдээс ИЛҮҮ ТЭНЭГ гэж би л лав хэлж чадахгүй. Тэр үед тэнд ардчилал оршин тогтнож чадаад байсан юм, энэ үед энд ардчилал оршин тогтнож чадаж л таарна.
Харин ард түмэн минь, өөрийгөө битгий доромжлуул. Бидний эрхийг булаах нэг нэгэн зальхай этгээдэд бүү боломж олго.
Элбэгийн засгийн газар унах ч яах вэ, бага хэрэг. Одоо парламентыг тараагаад, дараа нь Ерөнхийлөгчийн засаглал тогтоох бүх нийтийн санал асуулга явуулах албан ёсны санал тун удахгүй гарч магадгүй юм шүү. СЭРЭМЖТЭЙ Л БАЙГТУН.
[1] Дарангуй төрийг ерөнхийд нь хоёр ангилна. Дарга үгийг нь дагаагүй хүнийг шууд буудаж алдаг юм уу, зодож тамладаг байх юм бол диктаторшип буюу дарангуйлал гэнэ. Арай буудахгүй боловч олон талаар гацааж, гадуурхаж, “янаглан хорлоод” байвал үүнийг авторитарь дэглэм гэнэ. Энхбаярын жилүүд бол авторитарь дэглэм тогтоохыг оролдсон үе байлаа.
1 comments:
hello, just wanted to express my gratitude towards your 'humble' opinions. great work!!!
Post a Comment