Monday, March 5, 2007

ХУ НАМ АМИА ХОРЛОЧИХОВ УУ ДАА

Ху нам томсгосон тойргийн системийг авснаараа задралынхаа үүдийг нээчих шиг боллоо. Томсгосон тойрог хамгийн том зөвхөн ганц нам 100%- ийн ялалт баталгаажуулж өгдөг нь улс төр судлал, сонгууль судлалын хүрээнд нотлогдчихсон, маргаангүй зүйл юм. Ху нам 2008 оны сонгуулийг баталгаажуулахын тулд эл системийг хүсэн тэмүүлэн байж хуулиар баталгаажуулсан.

Ху нам, гэхдээ, энэ системийн намын дотоодод үзүүлэх нөлөөг ерөөсөө анзаараагүй юм. Манай улс төрчид сонгуулийн системийг судлахдаа аль нь хувилбар биднийг ялалтад хүргэх вэ гэж сонирхдог болохоос энэ систем манай намын дотоодод ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг боддог ч үгүй болтой. Томсгосон тойрогийн систем систем 1990-ны үед Ху намд ашигтай байсан нь маргаангүй боловч 2000 оноос энэ намыг есөн шидийн ашиг хонжоо хайсан доншуур баячуудаар дүүргэж орхисон юм.

Намыг сонгуулийн ялалтад хүргэж чадах механизм, өөрийг нь дотроос нь дэлбэлэх аюултайг бас анхаарах хэрэгтэй билээ. 1950-аад оны эхээр дуунаас хурдан нисгэх чадалтай хамгийн хурдан тийрэлтэт хөдөлгүүрийг зохион бүтээж эхэлсэн гэдэг. Даанч тийм хөдөлгүүртэй онгоц дууны хурданд дөхөж очмогцоо л дэлбэрээд байжээ. Дууны хурданд хүрэхийн тулд чадалтай хөдөлгүүрээс гадна, онгоц хийж байгаа материал, их биеийн галбирийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг хожим нь олсон юм гэдэг. Томсгосон тойргийн систем Ху намыг 100% ялалтад хүргэж чадах боловч намын дотоод зохион байгуулалт нь энэ намыг задлах аюултай юм.

ХУ НАМ ЗАДРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛОВ, ...

Онош буюу хандлага
Сонгууль системийн судлах хүрээ аль систем ямар намд ашигтай вэ гэдгээс гадна, тухайн систем тэр намд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бас хамаардаг билээ. Сонгуулийн системийн энэ хэсгийг нь оросын судлаачид дандаа мартдаг учраас орос ном уншдаг манай эрдэмтэд олж сонсоогүй байх нь олонтаа. Томсгосон тойргийн систем Ху намыг задрал руу хөтлөх хоёр үндсэн хандлага ажиглагдаж байна.

Нэгдүгээрт, Зөрчилтэй ашиг сонирхлын бөөгнөрөл болдог. Хог байгаа л бол жоом цуглах нь ойлгомжтой: сонгуульд ялах нь тодорхой л бол ашиг хонжоо хайсан есөн шидийн сонирхол тэр намд цугладаг юм. Нам сонгуульд ялах нь баталгаатай бол тэр нам хэн ч бишийн цуглуулга болдог ажээ.

Хоёрдугаарт, Зөрчилдөөд байгаа дотооод сонирхлоо шийдэх механизм Ху намд одоохондоо алга. Ху намын удирдлагын тогтолцоог дарангуйллын шинжтэй, хэлмэгдлийн үеэс өвлөсөн “МАХНы машин” гэж хочилдог. 1990-ээд оны дунд үед намын удирдлага зөвшилийн механизмаар дотоод асуудлаа шийддэг тун ухаалаг системтэй байсан ч, Энхбаяр намын дарга болоод МАХНы машиныг дахин ажиллуулсан гэдэг.

Симптом буюу өвчний шинж
Задрах гээд байгаа шинжийг өнөөдөр ч олж харж болох байна.

Удирдлагын дотоодод жигүүрүүдийн тэмцэл эрс ширүүслээ. “Ардчилсан социалист” гэгдэх үзэл санааг баримталсан хүмүүс энэ намд цуглаж байгаа биш: харин, Ху намыг ялахаар нь сайд дарга болох санаатай хүмүүс л тэнд цуглаж байгаа. Нэг даргын суудал дээр олон хүн санаархах тусам намын доторхи жигүүрийн тоо нэмэгдэж, фракцийн зөрчил хурцдах болно.

Ху нам жигүүрээ хүчээр дарах гэж оролдож байна. Намын бага хурлаар жигүүр байхыг зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг асуудал хэлэлцэх нь үнэндээ тэнэг хэрэг юм. Бага хурал зөвшөөрсөн ч бай, үгүй ч бай намын даргыг эсэргүүцсэн бүлэг байгаа нь үнэн л үлдэнэ.

Ху нам түүхэндээ тийм сөрөг бүлгийг хүчээр устгаж ирсэн. 30-аад оны эхээр өчиггүй бууддаг байсан, 60-аад оны үеэр хөдөө цөлдөг байсан, 90-ээд оны үеэр бол намаасаа хөөдөг байлаа. Тиймээс л Ху намын эрхээс буусан бол дахиж хэзээ ч өөдлөдөггүй ёрын тамын үлгэр өнөөдөр Ху намын дарга болгоны толгойд гүн шингэсэн бий.

... ГЭХДЭЭ ОДОО ЗАДРАХГҮЙ

Яагаад 2008 оныг хүртэл задрахгүй вэ?
Ху нам энэ системийг 2008 оны сонгуулийг харж хийсэн. Хэрэв Ху нам одоо задравал 2008 оны сонгуульд ялж чадахгүй. Иймээс жигүүрүүд намаа одоо задлах сонирхол байхгүй.

Ху нам одооноос 2008 оны сонгуульд бэлдэн жигүүрээ хумьж эхэллээ. Энэ явдал, нэг талаасаа, Ху намын дотооддоо ардчилалгүй байгааг дахин харуулж байгаа юм. Гэвч нөгөө талаасаа тэдгээр зөрчилтэй ашиг сонирхол сонгуулийн ялалтын төлөө түр зуурын буулт хийж байгааг бас үзүүлж байна. Үнэндээ энэ бол бүх жигүүрийн цорын ганц нийтлэг ашиг сонирхол юм.

Яагаад 2008 оны сонгуулийн дараа задрах вэ?
Ху намын жигүүрүүд өнөөдөр хумигдаж байна гэдэг бол дандаа ийм байна гэсэн үг биш. Жигүүр байхгүй болно гэдэг бол зөрчил байхгүй болчихсон хэрэг биш. Зөрчил хэвээрээ бий, өнөөдөр сонгуульд ялахын тулд л одоохондоо эвсэж байгаа юм.

2008 оны сонгуулийн дараа Ху нам засгийн эрх авна. Зарчмын хувьд шал өөр нөхцөл байдал үүснэ. Энэ бол бялуу хуваах эрхтэй болно гэсэн үг. Энхбаяр, Баяр, Энхтүвшин, Нямдорж, хэнийх нь хүн ерөнхий сайд болох вэ? Хэний хүн намын дарга болж бялууны хамгийн том хэрчмийг авах вэ?

Тэмцэл эндээс л эхэлнэ. Жигүүр болгон бялуунаас хувь хүртэх гэж шунаж, Ху намын дотоод дахь зөрчлийг улам хүчтэй болгоно. Мэдээж, бүх жигүүрийн сонирхлыг жигд хангаж чадна гэж байхгүй. Ялангуяа, дарангуйллын шинжтэй одоогийн удирдлагыг хохирсон буюу хувь хүртээгүй жигүүрүүд илэрхий хорлож унагахаар бүх чадлаараа оролдох нь гарцаагүй.

Ху нам удирдлагын зохион байгуулалтаа ардчилаж, махны машинаа эвдэхгүй бол намын задрал сонгуулийн маргааш өдрөөс л нүүрлэнэ. Нэг жоом нь хогныхоо оройд гарчихаад бусдыгаа махны машинаар нядлаж эхлэнэ. Гэтэл энэ оройд гарах гэж л жоом цугласан шүү дээ. Бялуунаас хувь хүртэж чадахгүй бол Ху намыг дэмжиж байсны хэрэг гарахгүй.

Дотоод тэмцлээ зохицуулах удирдлагын оновчтой тогтолцоо, харамсалтай нь, Ху намд одоогоор алга. МАХНы машин, ганц хүний эсвэл бүлгийн дарангуйлал дээр тогтсон энэ хэв маяг олшрон буй есөн шидийн сонирхлын тэнцвэрийг өнөөдөр хангаж чадахгүй байна. Энийгээ шинэчилж байгаа шинж ч энэ намд үнэндээ харагдахгүй байна: иймээс, 2008 онд энэ хэвээрээ л байна гэсэн үг. Харин энэ бол намын хувьд хямралын ужиг, задралын ёр юм.

ГАРЦ

Намын дотоод шинэчлэл
Ху намын байр суурь 2000 – 2004 оныг хүртэл маш хүчтэй байлаа. Удирдлагын тогтолцоо нь оновчтой байсныг Ардчилсан хүчний удирдлагчид ч дотроо хүлээн зөвшөөрдөг байсан юм. “Толгой хагаравч малгай дотроо” гэгчээр Багабанди, Жасрай, Энэбиш нарын фракц хоорондоо зөрчилтэй ч гэсэн нам дотроосоо гаргадаггүй байлаа.

Харин Энхбаяр намын дарга болсноос хойш Ху намын дотоод зөвшилийн систем алга болж, ганц хүний дарангуйлал тогтсон гэдэг. Одоо Ху намын жигүүрүүд Энхбаярын үлдээсэн ормыг булаалдаж, хэн нь дарангуйлагч болохоо үзээд байна уу, гэхээс өмнө байсан зөвшлийг сэргээн тогтоохыг оролдохгүй байна.

Үнэмлэхүй ялагч байхын тулд, ядаж л 2008 оны дараа задрахгүйн тул энэ нам дотоодоо маш хүчтэй өөрчлөлт хийж ёстой юм. Харамсалтай нь, Ху нам дотооддоо шинэчлэл хийх, шинэчлэлийг хүлээн авах уур амьсгал огт байхгүй. Намын дотоод шинэчлэл гэдэг нэр томьёо энэ намын түүхэнд нэг фракц нөгөө устгах туг болж байсан юм. Энхбаяр намын “залуу халаа” болон гарч ирэхдээ хууччуулыг, түүний дотор Энэбиш гуайн фракцийг устгаж байсан гашуун дурсамж, шарх нь аниагүй, цус нь шүүрсэн хэвээрээ байгаа. Иймээс удирдлагын шинэчлэл бол энэ намд төдийлөн хэрэгжихүйц зүйл биш.

Сонгуулийн системийн шинэчлэл
Ху намын хувьд хамгийн боломжит гарц бол сонгуулийн системийг өөрчлөх явдал юм.

Сонгуулийн пропорциональ систем, Ху намд 100% ялалт амлахгүй боловч маш өргөн бололцоо олгож байна. Зүүн европын орнуудын жишээг харахад хуучин коммунист намууд 30-аас доошгүй хувийн санал ямагт хадгалж байгаа: зарим орнуудад засгийн газар байгуулах хүртэл нөлөөгөө хадгалсаар байна. Ху намын чансаа хамгийн багадаа 2004 онд 32% хүртэл унаж байсан ба дундажаар 40%- тай байдаг. Энэ нь пропорциональ системд засгийн газрыг дангаараа байгуулсан ч хүрэхүйц санал юм.

Дээрээс нь энэ систем Ху намд 100% ялалт амлахгүй байгаа тул ядаж есөн шидийн зөрчилтэй ашиг сонирхлын бөөгнөрөл болгохгүй юм. Ху нам дотооддоо удирдлагын шинэчлэл хийж чадахгүй байгаа нөхцөлд, ядаж жоом цуглуулахгүй байх нь намын тогтвортой байдалд уул нь дөхөмтэй юм сан.

2 comments:

celest said...

Sainuu,
ih goe ym bichjjee
ooriin chin email bnuu

celest said...

Sainuu,
ih goe ym bichjjee
ooriin chin email bnuu